Saturday, January 11, 2014

"Гайхамшигтай" үндэстэн

Хэн болж төрсөн, хэн байгаагаараа бахархдаг хэдий ч "Монгол" гэж цээжээ дэлддэг хүмүүсийг хэзээ ч би үнэлж байгаагүй.

Гэхдээ цөөхөн ч гэсэн Монголчууд бид олон улсад үнэхээр гялалзаж байна. Yahoo, Google, Apple, Samsung. Эдгээр компаниудыг бид бүгд мэднэ. Бидний байнгын хэрэглээ, өдөр тутмын амьдралын маань  нэг хэсэг. Гэсэн хэдий ч "гадаадын" гэсэн тодотгол эдгээрийг байнга дагаж явдаг. Харин саяхан олж мэдсэнээр эдгээр компаниудын дэлхийг шуугиулж байгаа инновациудад Монгол хүний хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэжээ.

Үнэхээр бахархууштай. Монгол гэдэг нэрийг олон улсад тахлаж яваа эдгээр хүмүүсийн тухай нэвтрүүлэг үзлээ. Бахархмаар боловч, хүний газар очоод Монгол хэлээ арай л мартсан юм шиг санагдлаа. Ингэтлээ уусч болохгүй юмсан.

Wednesday, December 25, 2013

Урлаг бөхдөггүй

Дөнгөж сая Орших уу, эс орших уу реалити шоуны сүүлийн шатны тоглолтыг үзлээ. Найз маань энэ тэмцээнд оролцоогүй бол урлаг ойлгодоггүй мань мэт нь драмын театрыг зүглэх ч үгүй байлаа.



Хөөтэй, харласан, зарим хэсгээрээ нурсан тоосгон хана. Мод нь хяхарч дуугарсан банзан шал, уранхай хөшиг. Драмын театрын өнгийг гандуулсан энэ бүх дутагдал өмнө нь миний хувьд урлагийг үнэгүйдүүлж байжээ.

Харин өнөөдрийн тоглолт, тоглолтоос гадна шүүгчид, тэнд очсон жүжигчдийн үг, 5 жилийн өмнө миний гаргасан шийдвэр, одоо явж байгаа замдаа эргэлзэхэд хүргэлээ. 

Ямартай ч, материаллаг зүйлсээс шалтгаалсан дээрх бүх дутагдал урлагийнхны урмыг мохоодоггүй бололтой.

Урт хэрнээ богино жил

2013 он. Энэ жил дуусахад ердөө хэдхэн хоног үлджээ.

2013 онд болсон үйл явдлуудыг эргэж нэг дүгнэмээр санагдлаа. Эргээд бодоход зарим нь энэ жил билүү? гэмээр дэндүү олон үйл явдал болжээ.

Монголчууд энэ жил сонголтоо хийсэн. Өөрчлөлт гараагүй ч ямартай ч ирэх 4 жил Монгол улсыг удирдах хүнийг сонголоо. Сонголт маань зөв байх болтугай.

Өмнө нь байнга хүний юмаар хүйдэгнэдэг байсан бол энэ жил өөрийн гэсэн нэг онгоцтой болж авлаа.

Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталж өнгөрсөн жилийн алдаагаа заслаа. Гэхдээ энэ алхам үр дүнгээ өгөх эсэх нь хөрөнгө оруулагчид хэр "эмэгтэйлэг вэ" гэдгээс л шалтгаалах болов уу.

Бодлого тодорхойлогчдын ярьж байгаагаар бол урьд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт автозам, төмөр зам, барилгын салбарт хийгджээ.

Салхинаас эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж эхэллээ. Гэхдээ л бас нөгөө үүрэг хариуцлага....

Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын уулзалтыг энэ жил эх орондоо зохион байгууллаа. Том хэмжээний арга хэмжээг зохион байгуулах гэж гайгүй гэсэн хэдэн зочид буудлууд хэд хоног чардайтлаа ажилласан. Их ч хүн хүч зарцуулсны эцэст ирсэн хүмүүс өндөр сэтгэгдэлтэй л буцах шиг болсон.

Нүдэнд харагдаж байгаагаар бол ажил яваад л байх шиг байна. 5-р цахилгаан станцыг барих консорциум шалгарлаа. Гэхдээ энэ жилдээ багтаж ерөнхий гэрээгээ байгуулна гэсэн ч одоог хэр нь сураггүй л байна.

Удтал ярьсан Оюу Толгой зэсийн баяжмалаа экспортод гаргалаа. Харамсалтай нь Хятадын гааль дээр очоод гацчихаад л байгаа юм.

Өө нээрээ, Хадгаламж банк гэж байхгүй болсон. Гэхдээ хадгаламж эзэмшигчдийг ямар нэгэн байдлаар хохироохгүй л шийдвэрлэх шиг боллоо. /Иргэн/ Одоо Монгол улс арилжааны 13 банктай.

Банк гэснээс хэд хэдэн гадаадын банкууд Монголд салбараа нээчихлээ. Бодвол энд санхүүжилтийн хэрэгцээ, хамтарч ажиллах зах зээл байгаа юм байлгүй.

Залуучуудын нарыг гаргасан хэдэн уран бүтээлч энэ жил ирээд явсан. Солонгосын T-ara хамтлагийн тоглолтыг ёстой л нөгөө 8 настай балчираас 80 настай чавганц үзэх шиг болсон. Монголыг тоож дээ. Харин Blue-ийн хувьд жаахан муухай юм болсон. Ядаж утсыг нь үлдээчихгүй дээ. Дараа нь "зарна" гээд телевизийн зар явж байхыг би харсан юм байна. Үнэ хүрсэн биз. Манайхны сонголт гэж бас л байгаа юм шүү.

National Geographic сэтгүүл энэ жил Монголд нээлтээ хийлээ. Бидний хувьд мэдээллийг хуримтлуулах улам бүр л хялбар болоод байна.

Дэлхийн брэнд Монголд гэдэг үгийг хэдэн ч удаа сонсов? UGG, Mango, Vertu гээд хямдаас эхлээд тансаг зэрэглээлийн брэндүүд Монголд үүд хаалгаа нээлээ. Массын хэрэглээнд чиглэсэн брэндүүд ч яахав, өөрийнхөө амьдралыг хараад тансаг зэрэглэлийн брэндүүд Монголд ашигтай ажиллаж байгааг бодохоор хааяа нэг уур хүрдэг л юм. Гэхдээ Монголчууд бас авч чадаж байна.

Бас парк маань энэ жил ажиллаж эхэлсэн шүү дээ.

Талбай дээрээ котоктой боллоо. Гэхдээ үнэхээр хүйтэн юм байна лээ. Задгай салхитай газар болоод ч тэр үү.

Энэ жил манай Чингис хаан босч ирж, залуустай мэндэлсэн. Наадмыг зөвхөн настай хүмүүсийн баяр гэж бодож явсан надад чиглэгдсэн нэг ч гэсэн зүйл хийсэнд баяралаа гэж...

Монголд кино урлаг тооны хувьд хөгжиж байна аа. Тоолохоос ч залхуу хүрэм олон кино гарлаа. Тэр дундаа бараг хагас тэрбумын ашиг олсон Зэрлэг цэцэгсийн хүлэмж энэ жилийн онцлох уран сайхны кино байлаа.

Ингээд харвал, 2013 он үнэхээр урт жил болжээ. Дээр дурдсан зүйлс бол ердөө миний дурсамжинд үлдсэн зүйлс. Дутуу орхисон үйл явдал байвал та бүхэн дээр нь нэмээрэй.  

Маргаан

Монголчууд ноос, ноолуураа экспортлоод Дэлхийн брэндийг бий болгоно гэдэгтэй би тэгтлээ санал нийлээд байдаггүй л дээ. Энэ асуудалд "санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ" гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Гэхдээ "маргаан" гарах хүртэл, тэр маргаанаас хойш ч Монголын нэрийг дэлхийд гаргах тэр брэнд нь технологи байж болно гэж төсөөлөх ч үгүй байлаа.

Харин саяхан Монгол инженер цахилгааны хэрэглээг илүү ухаалаг болгох бүтээл бүтээж, энэ жилийн шинжлэх ухааны шагналыг хүртлээ. Технологийг бүтээгчийн ярьж байгаагаар, гар утас, компьютер гээд юу л бол юу бүтээж болох байсан ч бодож бодож, цахилгаан станцад ашиглах технологи бүтээхээр шийдсэн гэнэ. Үнэхээр ч манай улсад гадаадад боловсрол эзэмшиж, мэргэшээд ирсэн хүмүүс олон байгаа. Тэдгээрийг дэмжээд, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлээд өгвөл, эсвэл ядаж ямар нэгэн байдлаар шахаж хавчихгүй бол нэг л өдөр Монголд үйлдвэрлэсэн ухаалаг гар утас барьж болох л юм.

Тэр өдрийн төлөө!!!
comments powered by Disqus