Wednesday, December 25, 2013

Урт хэрнээ богино жил

2013 он. Энэ жил дуусахад ердөө хэдхэн хоног үлджээ.

2013 онд болсон үйл явдлуудыг эргэж нэг дүгнэмээр санагдлаа. Эргээд бодоход зарим нь энэ жил билүү? гэмээр дэндүү олон үйл явдал болжээ.

Монголчууд энэ жил сонголтоо хийсэн. Өөрчлөлт гараагүй ч ямартай ч ирэх 4 жил Монгол улсыг удирдах хүнийг сонголоо. Сонголт маань зөв байх болтугай.

Өмнө нь байнга хүний юмаар хүйдэгнэдэг байсан бол энэ жил өөрийн гэсэн нэг онгоцтой болж авлаа.

Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталж өнгөрсөн жилийн алдаагаа заслаа. Гэхдээ энэ алхам үр дүнгээ өгөх эсэх нь хөрөнгө оруулагчид хэр "эмэгтэйлэг вэ" гэдгээс л шалтгаалах болов уу.

Бодлого тодорхойлогчдын ярьж байгаагаар бол урьд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт автозам, төмөр зам, барилгын салбарт хийгджээ.

Салхинаас эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж эхэллээ. Гэхдээ л бас нөгөө үүрэг хариуцлага....

Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын уулзалтыг энэ жил эх орондоо зохион байгууллаа. Том хэмжээний арга хэмжээг зохион байгуулах гэж гайгүй гэсэн хэдэн зочид буудлууд хэд хоног чардайтлаа ажилласан. Их ч хүн хүч зарцуулсны эцэст ирсэн хүмүүс өндөр сэтгэгдэлтэй л буцах шиг болсон.

Нүдэнд харагдаж байгаагаар бол ажил яваад л байх шиг байна. 5-р цахилгаан станцыг барих консорциум шалгарлаа. Гэхдээ энэ жилдээ багтаж ерөнхий гэрээгээ байгуулна гэсэн ч одоог хэр нь сураггүй л байна.

Удтал ярьсан Оюу Толгой зэсийн баяжмалаа экспортод гаргалаа. Харамсалтай нь Хятадын гааль дээр очоод гацчихаад л байгаа юм.

Өө нээрээ, Хадгаламж банк гэж байхгүй болсон. Гэхдээ хадгаламж эзэмшигчдийг ямар нэгэн байдлаар хохироохгүй л шийдвэрлэх шиг боллоо. /Иргэн/ Одоо Монгол улс арилжааны 13 банктай.

Банк гэснээс хэд хэдэн гадаадын банкууд Монголд салбараа нээчихлээ. Бодвол энд санхүүжилтийн хэрэгцээ, хамтарч ажиллах зах зээл байгаа юм байлгүй.

Залуучуудын нарыг гаргасан хэдэн уран бүтээлч энэ жил ирээд явсан. Солонгосын T-ara хамтлагийн тоглолтыг ёстой л нөгөө 8 настай балчираас 80 настай чавганц үзэх шиг болсон. Монголыг тоож дээ. Харин Blue-ийн хувьд жаахан муухай юм болсон. Ядаж утсыг нь үлдээчихгүй дээ. Дараа нь "зарна" гээд телевизийн зар явж байхыг би харсан юм байна. Үнэ хүрсэн биз. Манайхны сонголт гэж бас л байгаа юм шүү.

National Geographic сэтгүүл энэ жил Монголд нээлтээ хийлээ. Бидний хувьд мэдээллийг хуримтлуулах улам бүр л хялбар болоод байна.

Дэлхийн брэнд Монголд гэдэг үгийг хэдэн ч удаа сонсов? UGG, Mango, Vertu гээд хямдаас эхлээд тансаг зэрэглээлийн брэндүүд Монголд үүд хаалгаа нээлээ. Массын хэрэглээнд чиглэсэн брэндүүд ч яахав, өөрийнхөө амьдралыг хараад тансаг зэрэглэлийн брэндүүд Монголд ашигтай ажиллаж байгааг бодохоор хааяа нэг уур хүрдэг л юм. Гэхдээ Монголчууд бас авч чадаж байна.

Бас парк маань энэ жил ажиллаж эхэлсэн шүү дээ.

Талбай дээрээ котоктой боллоо. Гэхдээ үнэхээр хүйтэн юм байна лээ. Задгай салхитай газар болоод ч тэр үү.

Энэ жил манай Чингис хаан босч ирж, залуустай мэндэлсэн. Наадмыг зөвхөн настай хүмүүсийн баяр гэж бодож явсан надад чиглэгдсэн нэг ч гэсэн зүйл хийсэнд баяралаа гэж...

Монголд кино урлаг тооны хувьд хөгжиж байна аа. Тоолохоос ч залхуу хүрэм олон кино гарлаа. Тэр дундаа бараг хагас тэрбумын ашиг олсон Зэрлэг цэцэгсийн хүлэмж энэ жилийн онцлох уран сайхны кино байлаа.

Ингээд харвал, 2013 он үнэхээр урт жил болжээ. Дээр дурдсан зүйлс бол ердөө миний дурсамжинд үлдсэн зүйлс. Дутуу орхисон үйл явдал байвал та бүхэн дээр нь нэмээрэй.  
comments powered by Disqus